Мэдээллийн технологийн блог, нийтлэл

Мэдээллийн технологийн шилдэг мэргэжилтнүүдийн зөвлөгөө, нийтлэлүүд.

Мэдээллийн технологийн аутсорсинг: Хэрэгцээ, эрсдэл болон давуу тал

August.24.2016

its.jpg

Үйл ажиллагаагаа тогтвортой явуулан бизнесээ илүү тэлэх талаар байнга бодож явдаг та өөрийн байгууллагын зарим хэсгийг аутсорс буюу гадаад нөөц бололцоонд тулгуурлан хийх талаар бодож байсан байлгүй. Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд аутсорс хийх нь урт болон богино хугацаанд эерэг үр нөлөөтэй талаар байнга яригдах бөгөөд энэ нь одоо шинэ зүйл огт биш болжээ. Гэхдээ аутсорсинг үйлчилгээ авахын тулд яг ямар хэрэгцээ болон эрсдэлүүдийг эртнээс зохицуулсан байх шаардлагатай, мөн эргээд аутсорсинг нь үндсэн бизнест ямар давуу тал авчирдаг вэ?

Энэхүү нийтлэлд байгууллагад гарах Мэдээллийн Технологийн Аутсорсинг үйлчилгээ авах хэрэгцээ шаардлага, түүнээс үүдэн гарах давуу болон эрсдэлтэй талаар хүүрнэв.

Мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээг сонгох хэрэгцээ шаардлага

Байгууллагын онцлогоос хамааран янз бүрийн шаардлагаас улбаалан МТ аутсорсинг үйлчилгээг байгууллагууд сонгодог бөгөөд эдгээрээс хамгийн түгээмэл тохиолддог хэрэгцээг Outsourcing Institute байгууллагаас дараах байдлаар нэгтгсэн байна. Үүнд:

  1. Үйл ажиллагааны зардал бууруулах: МТ аутсорсинг үйлчилгээ авах нь өөрөө тухайн үйл ажиллагаа явуулахад гардаг хүний болон удирдлагын зардлыг багасгаж улмаар арилгадаг байна.
  2. Үндсэн бизнесдээ илүүтэй төвлөрөх: Ямар ч салбарт үйл ажиллагаа явуулдаг бай мэдээллийн технологийн оновчтой ашиглалт хамгийн чухал. Гэхдээ мэдээллийн технологийн албыг дотооддоо байгуулан тасралтгүй хөгжүүлэн явж, ндсэн бус үйл ажиллагаанд цаг, хөрөнгө зарах хэцүү. Бусад өрсөлдөгч нар энэ мэтээр цагаа үрж байхад та Аутсорсинг аван өөрийн зах зээл дээрх давуу талаа сайжруулахад илүү цаг зарцуулах боломжтой болдог.
  3. Илүү боломжуудыг нээж өгнө: Мэргэжлийн байгууллагаас МТ-Аутсорсинг үйлчилгээ авах нь хөрөнгө оруулалтын өгөөжийг өндөр байлгадаг. Учир нь нэг хүний мэдлэгт найдахын оронд олон төрлийн үйлчилгээ, төсөл дээр ажиллаж байсан туршлагатай МТ-ийн багаас үйлчилгээ авна. Энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага нь МТ инженер техникийн ажилчдаа салбарын сургалт болон сертификатад байнга хамруулдаг.
  4. Дотоод нөөц ихэснэ: Магадгүй танай байгууллагад компьютер, сүлжээний талаар мэдлэгтэй хэн нэгэн байдаг байх гэхдээ энэ нь тэр хүний анх ажилд орсон шалтгаан биш байж ч болох юм. Хэрэв тэд компьютер техникийн эдгээр ажлыг зохицуулаад яваад байдаг бол яг үндсэн хийх ёстой ажлыг нь хэн хийх вэ? МТ-Аутсорсинг нь байгууллагад эргээд өөрийн ажилчдаа үндсэн ажлаа хамгийн өндөр бүтээмжтэй хийх нөхцөлийг бүрдүүлж өгөх боломжийг олгодог.
  5. Дотоодод хангалттай нөөц байхгүй: Магадгүй танай бүх хүн өндөр бүтээмжтэй ажилладаг ба МТ –ийн асуудлыг шийдэх үндсэн ажилтан авах төсөв байхгүй байж болно. МТ-Аутсорсинг үйлчилгээ авах нь урт болон богино хугацаандаа хамгийн оновчтой шийдэл байх болно.
  6. Хөрөнгө оруулалт хийх: Бизнесийн үндсэн үйл ажиллагааг дэмжин ажилладаг МТ-ийг аутсорсинг хийснээр та үндсэн зах зээл дээр хүргэдэг бүтээгдэхүүндээ илүү хөрөнгө оруулалт хийх боломжийг нээнэ.
  7. Эрсдэлээс сэргийлэх: Үндсэн бизнесээ явуулахад шаардлагатай технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах нь байгууллагад судалгаа хийхээс эхлүүлээд шийдвэр гаргах хүртэл их хэмжээний цаг болон хөрөнгө зарцуулагддаг. Мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага нь таны салбарын тэргүүн туршлага, түүнийг олон хэрэглэгчдэд хүргэж байсан туршлагатай тул танд юу хэрэгтэй юу хэрэггүй байж болох талаар мэддэг. Энэ мэдлэг, туршлага нь таныг буруу шийдвэр хэрэгжүүлж цаг хугацаа, хөрөнгө мөнгө үргүй үрэх эрсдэлээс хамгаалдаг.

Мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээг сонгосноор үүсэх давуу талууд

Аутсорс хийх шийдвэр гаргахад одоогийн байгаа хэрэгцээ болон цаашид гарч болзошгүй эрсдэлүүдийг тооцож үзэх зайлшгүй шаардлагатай. МТ –ийн хэсгийг Аутсорсинг хийснээр дараах давуу талууд үйл ажиллагаа болон бизнест гарна:

  1. Сүүлийн үеийн технологи: Таны салбарын техник, технологи, програм хангамж хурдан хуучирч байгааг та анзаарч байгаа байх. Нэг хүн яаж энэ бүх өөрчлөлттэй хөл нийлүүлэн шинэчлэгдэх билээ? МТ-ийн Аутсорсинг нь МТ –ийн чиглэлээр мэргэшсэн бүтэн багтай байх давуу талыг олгоно. Тухайн байгууллагын үндсэн чадамж МТ холбоотой төгрөг бүрийг үр ашигтай байх талаар мэргэжлийн түвшинд зөвлөж чаддаг.
  2. Зардал буурах: МТ –ийн Аутсорсинг үйлчилгээг сонгосноор бага орон тоотой байх, худалдан авалтын зөвлөх, сүүлийн үеийн судалгаа, тоног төхөөрөмж түрээслэх гэх мэт цогц үйлчилгээ авч үйл ажиллагааны зардал буурах том давуу тал үүснэ.
  3. Мэргэшсэн ажилчид: Аливаа байгууллагад магадгүй ямар хүн хайхаа мэдэхгүйн улмаас буруу хүнээ сонгон ажиллуулах эрсдэл байдаг. МТ-ийн Аутсорсинг үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үндсэн чадамж нь үйлчилгээ үзүүлдэг ажилчид, үйл ажиллагаа, мэдээллийн технологи зэрэг байдаг. Тэд тухайн чиглэлээр мэргэшсэн, сертификаттай хүмүүсийг хайдаг, сургалтад хамруулан хөгжүүлдэг. Энэ нь чадварлаг хүчээр чанартай үйлчилгээ үзүүлэх баталгаа болдог.
  4. Уян хатан байдал: Дотоод хязгаарлагдмал бололцоог бодвол МТ-Аутсорсинг үйлчилгээ үзүүлдэг байгууллага нь олон бэлтгэн нийлүүлэгчтэй хамтран ажилладаг.

Эдгээр нь түгээмэл гарах давуу талууд ба танд МТ-Аутсорсинг үйлчилгээ үзүүлэгч байгууллагын чадвараас хамааран таны бизнест санхүүгийн болон үр бүтээмжид эрс нөлөөлөх, зөвхөн танд зориулсан давуу талуудыг буй болгох нь чухал.

Мэдээллийн технологийн үйлчилгээнээс үүсч болох эрсдэл

Өөрийн бизнесийн тодорхой нэг хариуцлагыг хэн нэгэнд эсвэл үйлчилгээ үзүүлэгч байгууллагад даалгаж өгөхөд тодорхой хэмжээний эрсдэлүүд агуулсан байдаг. Би зөв хүнээ/үйлчилгээ үзүүлэгчээ сонгосон уу? Бидний бодож байсан шиг эсвэл бидний хүлээж буй үр дүн гарах болов уу? Гэх мэт асуултууд шинэ ажилтан авах эсвэл үйлчилгээ үзүүлэгч байгууллага сонгоход гардаг. МТ-Аутсорсинг үйлчилгээ авах гэж байгаа эсвэл авж байгаа байгууллага дараах эрсдэлүүд байдгийг мэдүүштэй:

  1. Зарим МТ-ийн функцийг Аутсорсинг хийхэд хүндрэлтэй: Мэдээллийн технологи нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанаас эхлээд цогц автоматжуулалтын процессуудад нөлөөлөн ажиллаж байдаг. Үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь таны хамгийн чухал хэрэгцээг хангаж байгаа эсэхийг сайн мэдэх нь чухал.
  2. Хяналт алдагдах магадлалтай: Үндсэн ажилтан авч түүнийгээ удирдан ажиллуулах нь үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас МТ-ийн үйлчилгээ авахаас дээр гэдэг түгээмэл маргаан бий. Мөн байгууллагын мэдээллийн нууцлал аюулгүй байдлын талаар мэтгэлцдэг. Ихэнхдээ байгууллагын МТ –ийн бодлогыг тодорхойлсон хүнтэй зөвшилцөн эсхүл үйлчилгээ үзүүлэгч байгууллагаар бодлого тодорхойлуулсны үндсэн дээр үйлчилгээ авах нь онодог.
  3. Дотоод ажилчдын сэтгэл зүйд нөлөөлөх: Өмнө байсан үндсэн бус функцийг Аутсорсинг хийгээд ирэхээр ихэнх ажилчид өөрсдийнхөө ажлын байр тогтвортой байх эсэх дээр эргэлзэж улмаар энэ нь бүтээмжид сөргөөр нөлөөлж эхэлдэг. Энэ үед ажилчиддаа тэдэнд үндсэн үйл ажиллагаанд илүү анхаарах боломж өгч байгаагаа тайлбарлах нь зөв байдаг.

Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага, үйл ажиллагааг ойлгодог МТ-Аутсорсинг үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай хамтран байгууллагад байгаа асуудал, буй болох боломжийн талаар ярилцаж нэгдсэн ойлголтод хүрэх нь эдгээр түгээмэл эрсдэлүүдийг арилгана.

Canon Managed Printing Service

 

Б.Жавхлан

Нийтэлсэн: Б.Жавхлан

Могул Сервис энд Саппорт ХХК Гүйцэтгэх захирал