Мэдээллийн технологийн блог, нийтлэл

Мэдээллийн технологийн шилдэг мэргэжилтнүүдийн зөвлөгөө, нийтлэлүүд.

Тусгаар тогтнол

January.19.2017



battulga_zahiral-538133-edited.jpg2017 оны 01 сарын 13. Энэ өдөр Монгол улсын шинэ бөгөөд ардчилсан үндсэн хуулиа баталсан тэмдэглэлт өдөр. Хэдий бид нийтээрээ их баяр хөөр болон тэмдэглэдэггүй ч Монгол хүн болсныхоо хувьд санаж сэрэх туйлын чухал өдөр, ялангуяа ид хийх насан дээрээ байгаа улс эх орны хөгжлийг үүрч буй идэр насныхны хувьд хариуцлагатай өдөр. Миний хувьд бол бүүр ч онцгой өдөр, учир нь би Монгол эх орондоо хүн болж төрсөн хувьтай өдөр. Би Монгол хэмээх энэ агуу түүхт нутагтаа төрсөндөө ямагт бахархаж огшиж байдаг, эх орондоо энх амгалан амьдрахыг хүсдэг жирийн эцэг, анд нөхдийнхөө хувьд үнэнч байхыг эрхэмлэдэг хариуцлагатай нэгэн эр хүн.

Төрсөн өдрөөр минь манай ажлын хамт олон Монголчууд хэмээх цахим номын 2-р ботийг бэлэглэж магнайг минь тэнийлгэсэн. Учир нь би 1-р ботийг амтархан сонсогч, улмаар Монгол улсынхаа түүхийг улам бүр ойлгон ухаарсан, бусдад улам бүр түгээхийг хүсдэг нэгэн. Б.Өлзийбаатар гуайн эмхлэн гаргасан энэхүү сонсдог ном надад маш их зүйлийг ухааруулсан бөгөөд эх орондоо улам их хариуцлагатай байхыг сануулсан бүтээл болсонд нь зохиогчид талархаад баршгүй. Бидний Монголчуудын мандал бадрал, унал доройтлын энэхүү агуу түүх юутай гайхамшигтай бөгөөд сургамжтай вэ? Энэхүү түүхээс чухам юуг сурав, юуг цаашид анхаарч явах тухайд сонссон, уншсан хүн бүр нэгийг тунгааж буй биз ээ.

Дэлхий дахины асар хурдацтай хөгжлийн энэ цаг дор Монгол улс хэрхэн цаашид хөл нийлүүлэн алхах вэ? Бид өнгөрсөн түүхээрээ бахархдаг шиг унал, доройтлыг нь шүүн тунгааж ярилцдаг билүү? Бид цагийн урсгалыг даган хувиа борлуулж, довоо шарлуулсаар амьдрах уу? Ирээдүй хойч үедээ ямар Монголыг үлдээх вэ? гэх мэт үй олон асуултуудыг мунхаглан тунгааж өөрийн санал бодлоо эрхэм та бүхэнтэй хуваалцъя.

Юуны түрүүн Монгол улс дэлхийн хөгжингүй, даяаршсан нийгэмд өөрийн гэсэн үнэт зүйл, үзэл баримтлал, алсын хараа, хөдөлшгүй бат суурьт хөгжлийн бодлогоо баталгаажуулан бусдаар бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн баттай тусгаарулс байх хэрэгтэй. Хэдий бидний тусгаар тогтнол олон улсын хэм хэмжээ, соёлт нийгмийн харилцаагаар баталгаажсан ч эдийн засаг, хүний эрх, эрүүл аюулгүй орчин, улс төр, нийгмийн харилцааны гэх мэт оршихуйн асуудлаараа хэрхэн баталгаажсан байгаа вэ? Ялангуяа өнөө цагт зэвсэг барин тусгаар тогтнолоо хамгаалах гэхээсээ эдийн засаг, технологи, хүний хөгжлөөр өөрсдийн дархлаа, өрсөлдөх чадварыг баталгаажуулж байгаагийн хаана нь бид явна вэ? Гуравхан сая гаруй хүн амтай, өргөн уудам газар нутагтай улс маань яагаад дэлхийн хөгжлөөс хоцрох болов? Яагаад хүн амын ядуурлын түвшин өндөр хэвээр, ажилгүйдэл, агаарын бохирдол, ёс суртахууны байдал маань бусдаас дор байгаад байна вэ? Асар олон асуултуудыг энгийн иргэд бид хайсаар байдаг, харин одоо үүнд хариу өгөх цаг нь нэгэнт болсон мэт, цаг хугацаа биднийг хүлээхгүй нь лавтай. Нам, холбоогоор талцаж, нийгмийг хэдэн хэсэгт хувааж, авилгал хээл хахууль гэж ярьсаар цаг хугацаа алдсаар л байх уу? Үнэн худал улс төр, цуврал киногоор өдөр тутмын амьдралаа төсөөлж өөрийн гэсэн итгэл үнэмшлээ гээсээр байх уу?

Хөгжлийн гарц олох эрэл, түүхийн гашуун сургаалаас дүгнээд бидэнд гарц хангалттай олон байгаагийн нэгээхэн хэсгээс хуваалцъя. Бид хувь заяаны эрхээр 2 том хөрш оронтой мөнхөд оршин байгаа нь зарим талдаа давуу талтай байдаг ч ихэнх тохиолдолд биднийг хавчигдмал, хамааралтай, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгосон мэт. Бид үеийн үед энэхүү хоёр хөршийнхөө бүрэн хамааралд байж зөвхөн эдгээр улсынхаа түүхий эд бэлтгэлийн бааз болтлоо хувирсан олон олон он жилүүдийг мартаагүй байна. Дэд бүтэц, эдийн засгийн хөгжлийн асуудлууд маань ч энэ хоёр улсаар дамждаг тул заавал тэднээс асуух, зөвшилцөх хэрэг гардаг бөгөөд хүссэн ч эс хүссэн ч хэзээд энэ хоёр том улсын эрх ашигт нийцсэн байдлаар шийдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрдэг. Мэдээж мөнхийн хоёр хөршийн хүндэтгэлт, сайн харилцааг эрхэмлэх нь бидний үүрэг гэдэгтэй хэн ч маргахгүй.

21-р зуун, хил хязгааргүй мэдээлэл, технологийн энэ цаг дор энэхүү геополитикийн асуудлаас харьцангуй бага хамааралтай хөгжлийн бодлого гаргах бололцоо үүсэж байна. Аль ч улс орон бай мэдээлэл, технологийн энэхүү хөгжилд чөлөөтэй оролцсоноор өөрсдийн байр суурь, боломж бололцоог дэлхийн түвшинд хүртэх боломж нээлттэй байгааг бид харж байна. Уламжлалт уул уурхай, хөдөө аж ахуйн эдийн засгийн хөгжилтэй зэрэгцүүлэн цаг алдалгүй дэлхийн энэхүү агуу том эдийн засгийн шинэ харилцаанд идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Бид бэлэнчлэх сэтгэлгээ, хоёр хөршөөс ирэх хязгаарлагдмал нөхцөл байдалд үл автан мэдээлэл, технологи, өгөгдлийн зах зээлээс ашиг орлого олох бүрэн бололцоо нээгдээд байна. Хувьсан өөрчлөгдөх дэлхийн эдийн засгийн харилцааг мэдэрч, зоригтой алхмуудыг хийснээр бид бие даасан улсын нэр хүндийг дэлхийн тавцанд өргөн гаргаж ирэх бүрэн боломжтой байна. Нэгэнтээ технологийн энэ шинэ эринд мөнгө санхүү, баялгийн хуваарилалт физик хэлбэрээс мэдлэгийн үнэт зүйлсэд чиглэснийг 100 гаруйхан хүнтэй компани манай улсын нийт ДНБ-тэй тэмцэх баялгийг бүтээсэн жишээгээр тайлбарлаж болно.

Манай улсын мэдээллийн технологийн 20 гаруй жилийн туршлагаас аваад үзвэл бидэнд дээрх баялгаас хүртэх боломж бүрэн байгаа гэдэгт би бүрэн итгэдэг, гагцхүү бидэнд зориг зүрх, зүтгэл хөдөлмөр, үндэсний нэгдмэл ойлголт, дэмжлэг хэрэгтэй байна. Хэлэх биш хийх нь чухал байдаг тул манай хамт олон энэхүү зах зээлд хүч үзэхээр зориг шулуудан эхний оролдлогуудыг хийхээр гадаад зах зээлд чиглэсэн ажлуудаа эхлүүлж байгаа юм. Бидний эхлүүлсэн ажил олон олон Монгол инженерүүд, бизнесүүдийг араасаа дагуулна гэдэг бүрэн итгэлтэй байна. Өнгөрсөн хугацаанд Монгол инженерүүдийн хийсэн ажил, бүтээгдэхүүнүүд дэлхийн томоохон технологийн компаниудын хэмжээнд нэгэнтээ очсон бөгөөд гагцхүү одоо үүнийгээ үнэлүүлэх, улмаар дэлхийн зах зээлд идэвхитэй оролцон улсынхаа эдийн засгийн томоохон бааз суурийг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг гадаад дотоодод байгаа бүхий л мэргэжил нэгт нөхдүүдээ уриалж байна!

Нэгэнтээ бидний зорьж буй зорилго биелэхүй дор Монгол хүний үнэ цэнэ, тусгаар тогтнол улам бүр биежин батжиж агуу түүхээрээ бахархсан орчин цагийн өндөр хөгжилтэй Монгол улсаараа үр хойч маань бахархан амьдрах сайхан цаг ирнэ гэдэгт бүрэн итгэнэм. Улс төр, хэрүүл талцал биш эдийн засаг, эрүүл, зөв, хүнлэг ардчилсан нийгмээ өөрсдийн гараар бүтээн босгож тусгаар тогтнолоо нэр төртэйгөөр батлан мандуулцгаая!

Хайрт Монгол орныхоо төлөө өчүүхэн зүтгэл бүхнээ зориулахаа батлан андгайлсан Монгол улсын иргэн Урианхан овогт Норолхоожавын Баттулга. 2017 оны 01 сарын 15. Солонгос улс. Инчёон хот. 

Н.Баттулга

Нийтэлсэн: Н.Баттулга

Ай Ти Зон ХХК-д Засварын инженерээр анх ажилд орсон бол өдгөө тус компанид 19 дэх жилдээ ажиллаж Гүйцэтгэх захирлын алба хашиж буй туршлагатай удирдагч.